

1. Бид сүүлийн жилүүдэд аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ
болгоно, олон улсын жишгээр хөгжүүлнэ гэж их ярих боллоо. Энэ салбарт
туршлагатай бизнес эрхлэгч хүний хувьд та аялал жуулчлалын хөгжил хэмээх
агуулгыг хэрхэн тодорхойлох вэ?
Ярилцлага авах санал тавьсан явдалд талархая. Олон улсын жишиг гэдгийг хэрхэн
ойлгосноос олон зүйл хамаарна. Манай жуулчлалын салбарынхан ОУ элдэв стандарт
жишиг яриад нийгэм эдийн засгийн нэр томьёо үзүүлэлт хөөгөөд зөвхөн ийм өнгөц
байдлаар хандаад байвал Монгол дах аялал жуулчлал үнэ хүндээ алдах аюултай. Би
өнгөрсөн жил Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын яам дээр очиж
уулзаж байхад манайд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого огт байдаггүй юм байна гэсэн
дүгнэлтэнд хүрсэн. Учир нь тэнд аялал жуулчлалыг зөвхөн жуулчдын тоо, эдийн засгийн
ашигийг нь харж хөгжүүлэх зорилготой гэдэг нь ажиглагдсан. Ийм байж болдоггүй юм.
Аливаа зүйлд миний зүгээс шүүмжлэлттэй хандах дургүй байдаг ч өнөөдөр үнэн бодит
байдалаа харахгүй бол аялал жуулчлал аюултай байдалд орох нь гэж хардаг. Учир нь
жишээ нь солонгос жуулчдыг дуудаж байна гээд эрээ цээргүй шалдан нүцгэн гуя хас, хөх
дэлэнгээ унжуулсан хүүхнүүд, олон дагагчидтай инфлүэнсэр гээд баахан тархи толгойндоо
юу ч үгүй зугаа цэнгээн хөнгөн шингэнээр цаг нөхцөөгч олон хүн авчирч улс орноо
суртчилав. Түүний үр дүнд бас ийм хүмүүстэй яг л адилхан энергитэй, яг адилхан бодол
сэтгэлийн ядууралд автсан шахам со жуулчид ирээд зуны гурван сар манай хөдөөний
кемпүүдийг дүүргэлээ. Яахав тухайн үедээ ашиг орлого нь дээшилсэн ч тэр солонгос
жуулчид гээч ихэнхдээ болхи заваан архи дарс уух гэж ирсэн, орой архидаад бусад
жуулчдыгаа унтуулдаггүй, саяхан баяжсан дээрэнгүй зантай улс ихэнх нь байхыг би өөрөө
харсан. Тэд зөвхөн найр наадам хийж зугаа цэнгэл хөөцөлдөж ирсэн улс л байсан, тэдэнд
Монгол улсын соёл иргэншилийн үнэ цэнэ, өв соёлын онцлогийг харж үзэж хүндэтгэж
сонирхож байх юм огт байхгүй. Өнөө маргаашийн ашиг орлогыг бодож, жуулчдын тооны
араас хөөцөлдөж, иймэрхүү байдлаар өөрийгөө болон өөрийнхөө үнэ цэнийг
үнэгүйдүүлээд явбал алсдаа хямд төсөр зугаа цэнгээний үнэ хүндгүй л газар болох байх.
Өөрийгөө цэнэтэй байлгаж чадсан улс орон, нийгэм, хүн бол өөрийнхөө үнэ цэнийг мэдэж
алсаа харсан бодлого явуулдаг юм. Яг Бутан улс шиг. Өөрөөр хэлбэл энд жуулчдын тоо,
ашиг орлого гэхээсээ илүү ямар их үнэ цэнэтэй, онгон үлдсэн цээл тал нутгийн онцлогтой,
суурин иргэншлийн түрэмгий чанарт одоо хүртэл эзлүүлээгүй нүүдэлчин хэмээх устахын
даваан дээрээ яваа соёл иргэншлийн өндөр өөр логиктой ард түмэн гэдэг ямар их цэнийг
агуулсан, ямар өвөрмөц ертөнцийг үзэх үзэлтэй хүмүүс вэ гэдгийг чин сэтгэлээсээ мэдрэх
гэж мөрөөдөж хүсэж хүндэтгэж ирсэн хүмүүсийг л өөртөө татдаг байх, ирье гэсэн болгоныг
авья гэдэггүй, өөрөөр хэлбэл өөрийгөө цэнэтэй байлгах ур ухааныг мэддэг байж л алсдаа
бид аялал жуулчлалыг он удаан жил үр дүнтэй хөгжүүлж барна.
2. Тэгвэл бид энэ (таны тодорхойлсончлон) хөгжлийн замд хэр ойрхон байна вэ. Гол
зам дээрээ байна уу, эсвэл хадуураад явна уу, өөрсдийн гэсэн бүдэг жим
гаргачихаад түүгээрээ л замнасаар байна уу?
Энэ их сонирхолтой асуулт. Өнөөдөр дэлхий нийтээрээ хувь хүний үнэ цэнэ болон улс орны
үнэ цэнийг зөвхөн ашиг орлого мөнгө төгрөгөөр нь дүгнэдэг болж. Өөрөөр хэлбэл
амьдралын утга учир, амьны орших орон зайг ганцхан хэмжээс үнэлэмжээр үнэлээд байна
гэсэн үг. Энэ бол маш аюултай. Хүн гээчид нь ер нь бэл бэлчингээс нь өөр ямар үнэ цэнэ
байдаг вэ гэж бодож үзсэн үү? Үүнийг өндөр хөгжилтэй эртний гэгддэг ямар ч иргэншил
бүрэн бүтнээр нь ард иргэддээ мэдүүлдэггүй юм. Гэтэл Монголчууд бид ганцхан зуун
жилийн өмнө гэхэд л энэ үнэ цэнээ мэддэг ухамсарладаг л байж. Өвөг дээдэс нь ч удам
угсаандаа захиж хэлж ирсэн зүйл нь нүдний чинь өмнө ил томьёотойгоо оршиж байна шүү.
Жишээ нь таван ханатай гэр. Яагаад тав байна вэ? Өөр тоотой байж болно шүү дээ. Үр
удамдаа бүү март гэсэн зүйлсээ өвөг дээдэс нь заавал захиж хэлж томьёолж үлдээдэг нь
хүн гээчийн ёс. Хүнд тэгвэл таван цэнэ байна гэсэн үг. Энэ юу вэ?
1. Мэдлэг Чадвар Хүний мэддэг чаддаг нь тухайн хүний нэг үнэ цэнэ.
2. Хэм Хүнээс ялгарч буй эрчим хэм энерги
гэдэг бол тухайн хүнийг тодорхойлох цэнэ бас мөн.
3. Цаг хугацаа Эргээд олдохгүй, хэзээ ч давтагдахгүй цаг мөч бол яахийн аргагүй хүний цэнэ мөн юм шүү.
4. Заяа Хүн чинь өөрийн гэсэн туулал, итгэл үнэмшил дээрээ бий болгосон үнэт зүйл гэж байдаг юм. Үүндээ
ухамсартайгаар эзэн суух учиртай.
5. Бэл бэнчин Бусад үнэт зүйлдээ эзэн болчихсон байхад
эд хөрөнгө гэдэг зүгээр ороод ирдэг зүй тогтолтой юм (А.Одгариг, Чандмана харилцаа, op. cit., p. 78).
Энэ бүхэн бол квантын физик энергийн хуйларалын энгийн л онол. Харилцан шүтэлцээтэй.
Үүнээс, ийм байр сууринаас үзэхэд хөгжил гэдгийг хэрхэн тодорхойлж болмоор байна?
Ганц хэмжээс үнэлэмж мөнгө гээч рүү нийтээрээ шуурснаас болоод бусад цэнээ харж чадах
ямар ч чадваргүй болсон байна. Эргэн тойрныхоо хүмүүсийг ажихад л хангалттай. Баахан
өр зээлэнд баригдаад стрэссэлж зутарсан, нүдэнд нь цог, нүүрэнд нь гал үгүй болсон, уур
хилэн хараал ерөөл энгийн үзэгдэл болсон, эх дэлхийгээ ухаж цөлмөхийгөө хөгжиж байна
гэж боддог, бодол сэтгэцдээ элдэв трауматай, ихэнхдээ өөрийгөө аргацаасан амьдралтай
хүн сүрэг үүсжээ. Ганц Монголчууд биш дэлхий даяарх хүн төрөлхтөн гэдэг ийм л болж. Энэ
бүхэн өөрийнхөө цэнийг ухамсарлаагүйгээс үнэгүйдүүлсэнээс үүдсэн үзэгдэл. Маш
аюултай. Гэтэл өөрийнхөө цэнийг мэддэг хүн хэзээ ч ийм сүг зомби болохгүй. Ядаж
өөрийгөө хайрлана. Өөрийгөө хайрлана гэдэг өөрийнхөө 5 цэнэдээ эзэн байдаг, мэдлэг
чадварыг тэжээж тэтгэж дамжуулж, үнэ цэнэтэйгээ ухамсарлаж хайр энэрэл уярал алсын
хараатай байж энэ өндөр хэмээр өөрийгөө тэтгэж чаддаг, цаг мөч бүхнийг утгатай
өнгөрөөдөг, эцэг эх үр хүүхэд удмынхаа заяа үүрэг хариуцлагад эзэн болсон хүнээс л өндөр
эрчим хэм, үелзэл ялгарч ийм хүн өндөр үелзэлтэй хүчтэй оршдог юм. Улс орны сүр хүч
Иргэндээ байдаг юм. Иргэн хүн өнөөдөр цэнээ ухамсарлахгүй үнэгүйдүүлээд байхад улс
орон нь төдий чинээ ядарсан л тогтноно.
Үүнийгээ ухамсарлахгүй хэм эрчим, цаг хугацаа, эрдэм мэдлэг заяа тавьлангаа мөнгөнөөс
арилжих нь ямар их эмгэнэл дагуулнам бэ. Ухамсарлахгүй л бол энэ үнэ цэнэ чинь эзэнгүй
мэт байна. Эзэнгүй юмыг л хүн хулгайлна. Төр засаг нь ч мөн адилхан шүү. Энэ таван
цэнийг суулгасан хөгжилийн загвар гарч ирж байж л тухайн улс хүчтэй жинхэнэ утгаараа
хөгжилтэй оршино. Эс бөгөөс удахгүй нуранги болох хэдэн шилэн байшин, баахан өр
ширтэй гэнэн улс л болж хоцроно. Тэс өөр байрнаас харж сурах хэрэгтэй.
Жишээ нь Солонгос явж ажил хийж байр унааны мөнгөтэй болно гээд аав нь явлаа. Эцэг нь
байхгүй айлд өдөр тутмын эцэг хүний нөмөр нөөлөг, хайр халамжаар дутуу яваа гэргий үр
хүүхдүүд траумагүй байна гэж байхгүй, залуу нас эрч хүч мэдлэг чадвар энергээ хүнд
ашиглуулаад өөрөө хэдэн мөнгөтэй болсон ч аз жаргал гээч ирэхгүй. Уршиг нь алсдаа
илэрдэг тогтолцоо юм.
3. Аялал жуулчлалын салбар дахь Монгол Улс, монголчуудын “ондоошил”, “ялгарал”-
ыг та хэрхэн харж байна?
Монгол улс бол үүссэн цагаасаа эхлээд өөрийн гэсэн давтагдашгүй онцлогоо хадгалсаар
ирсэн улс. Нүүдэлчин хүний байгальдаа ямар их хүндэтгэлтэй хандаж буй чанар, ертөнц
дэлхийгээ ажиж харах анзаарга чанар, амьдрал амьны цэнийг хэрхэн үздэг, яагаад нүүх нь
чухал гэдгийг ард түмэн даяараа ойлгож ухаарсан хүмүүс тул энэ нүүдэлчин соёл
иргэншилийнхээ үнэ цэнийг ойлгоно. Үнэ болоод Цэнэ гэдэг хоёр тэс өөр ойлголт. Жишээ
нь аавын чинь ундаалж ирээд чамд өвлүүлсэн бор аяга бол бусдад өнгөц үзэмж, эртний
мод нтрээрээ үнэлэгдэж магад, гэтэл цэнэ нь бол эцгийн чинь оршихуйг баталж буй тагш,
хайр энэрэл амар амгаланг нь гэрчлэх бодит эд байна. Бусад хүн үүнийг үнэлэж барахч
зөвхөн үр хүүхэд нь л тэр өчүүхэн эдийн цэнийг мэддэг үүнийгээ хараад аавыгаа санаж
нөмөр нөөлөг хайр энэрэлийг нь дурсан үүгээрээ цэнэглэгдэж ирдэг юм. Иймээс Монгол
хүн Үнийг биш Цэнийг бүтээдэг хөгжилийн баримжаатай явбал л өөрийнхөө ондоошлыг
ойлгох болно. Тэр их цэнийг баталж чадсан ард түмэн л цэнээрээ гайхуулж бусдыг татна.
Өрөөлийг дуурайгаад хэр хол явах вэ.
4. Төр засаг, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллагуудаас хэрэгжүүлж буй
ажлуудыг харахаар ихэнх нь барилга, байгууламж, хөшөө дурсгал барих, зам, дэд
бүтэц тавихтай холбоотой байдаг. Бид аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө
оруулалтуудыг юунд чиглүүлэх ёстой вэ. Өөрөөр хэлбэл, нэн түрүүнд бидний
анхаарах ёстой зүйл нь юу юм бэ?
Хөрөнгө оруулалт гэдэг том нэр зүүсэн хөрөнгө оруулагч нар гэдэг чинь оруулсан нэг
доллараа хоёр гурав л болгож авах сонирхол оршдогоос биш бусад зүйл огт хамаагүй
байдаг тогтолцоотой. Суурин иргэд шиг элдэв хүний таалалд нийцсэн хөшөө дурсгал
байгуулаад явбал өөрийнхөө цэнийг алдахын цондон доо. Монгол хүн элдэв байгууламж
үлдээх нь бүү хэл өөрийнхөө бий болгосон мэргэн цэцэн үгс, аман зохиол, Төрдөө зүтгэсэн
амь насаа зориулж байсан зүтгэлээ ч минийх гэж хэлж үлдээж байгаагүй. Ганц Чингис
хаанаараа төлөөлүүлэхэд л хангалттай гэж үздэг тул элдэв юм барьж байгуулдаггүй. Эргэн
тойрон байгалийн эд эс болгон өөрөөрөө оршиж амар амгалан байвал эргээд энэ бүх
эрчим хүч хүнийг өөрийг нь тэжээж тэтгэнэ гэж үздэг тул амьд байгалаа хөнддөггүй. Ийм
л ондоошилтой хүмүүс. Одоо хүн төрөлхтөн эргээд Монголчуудаас нүүдэлчдээс
амьдралын утга учраа хайж сураглаад ирнэ гэдэг үнэн шүү. Ингээд ирэх үед харин
Монголчууд эх орноо балгас болгочихсон байх вий дээ.
5. Жуулчид Монголын юуг хамгийн их сонирхож, шохоорхдог вэ?
Суурин иргэд Барууны хөгжил гээч одоо ямар ч явуургүй болсон гэдгийг нийгэм судлаач
хүний хувьд илхэн байдаг юм. Амьныхаа цэнэ, амьдралынхаа амар амгалангийн утга учрыг
тохь тух бий болгосноороо олно гэдэг өрөөсгөл үзлээр удирдуулаад хүн төрөлхтөн олон
зууны нүүр үзлээ. Ингээд бүдрээд ирэхийн цагт эргээд эх сурвалжруугаа очих гэж тэмүүлж
эхлэх нь гарцаагүй болсон. Энэ үед бид ч, дэлхий ч нүүдэлчний алсын харааг бахдаж ирэх
цаг ирнээ. Барууны судлаачдын олон бичвэрт бичигдсэн л байдаг. Хүний иргэншил
мухардаад ирэхэд Нүүдэлчид л гэрэл гэгээ гаргаж асуудалд шийдэл олж байсан гэж өч
төчнөөнөөрөө бичсэн байдаг юм шүү.
6. Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах талаар яриад цөөнгүй жил болж байна.
Одоо 2030 он гэхэд хоёр саяд хүргэх зорилт тавиад буй. Ер нь бидэнд ийм тооны
жуулчин хүлээж авах боломж бий юү?
Түрүүн өгүүлсэн. Тоо болон ашгийг харж жуулчлал хөгжүүлнэ гэдэг бол өөрийгөө
үнэгүйдүүлэхийн л нэмэр. Монгол улс хэзээ ч олон мянган хүний цэнгээ зугааны газар
болох учиргүй, амьдралынхаа учир утга, хүний үнэ цэнэ, хорвоогийн жамын хуулиа хайсан
өндөр гүн бодолтой жуулчид ирж нүүдэлчний амьдралаас эргэж энерги эрчим хүч авч
өөрийгөө цэнэглээд буцдаг ийм л жуулчлал ирээдүйд бий болно.
7. Та хамгийн сүүлд хэзээ Монголд ирсэн бэ. Ирэх болгондоо зорьж очдог, үздэг газар
бий болов уу?
Жил бүр жилд 2,3 удаа ирдэг. Ирээд хөдөө рүүгээ л явдаг. Аавынхаа нутаглаж байсан уулын
бэл, төрсөн өвөлжөөнд нь очиж ээрэм их элсэрхэг талд алсын барааг ажиж суух шиг
жаргал үгүй болдог юм билээ. Хамгийн гоё нь би өөрийнхөө хүүд үүнийг мэдрүүлж чадсан.
Энэ нутаг чи бид хоёрын өвөг дээдэс нутагласаар ирсэн. Ганц ч эд эсэнд нь хүрч ухаж
төнхөж байгаагүй нутаг. Чи ч бас ирээдүйдээ өөрийнхөө хүүхдийг хажуудаа суулгаад үүнийг
мэдрүүлээрэй гэж хэлэхэд 16-тай хүүгийн минь нүдэнд гал бадрахыг харсан шүү. Бусад эцэг
эхчүүд ч үүнийг эхлээд өөрөө мэдэрч үр хүүхдийнхээ нүдэнд оч үсэргээрэй.
8. Танай компани франц жуулчдыг Монгол руу аялуулдаг гэсэн. Ямар маршрутаар
аялуулж, юу үзүүлж, мэдрүүлэхийг зорьдог вэ?
Манайхаар ирсэн жуулчид ганцхан хүсэлтэй буцдаг. Эргэж ирнээ гэдэг юм. Сэтгэлийн
гүндээ хайгаад байгаа амар амгалан нь Их Монголд оршоод байхад татагдахгүй хүн гэж
байхгүй. Хүссэн ч хүсээгүй ч ийм үйл явц болно. Монголчуудаас сурсан болгоныгоо очоод
үр хүүхдүүддээ зааж байхыг нь харсан. Жишээ нь дээр дурьдсан таван цэнэ.
За ингээд Өнөөдөр сонины эрхэм сонины уншигч хүн бүрт аз жаргал сайн сайхан болон өөрийнхөө таван
цэнэдээ эзэн суухын ерөөлийг дэвшүүлэе. Сонирхолтой асуулт тавьж яриаг минь хөгжөөж
хүнд үлдэцтэй талаас нь сонирхолтой асуулт тавьсан Ж.Сувдмаадаа баярлаж гэр бүл үр
хүүхдүүдэд нь амар амгалан, таван цэнийн дээдийг хүсэн ерөөе.
УТ доктор Алаг Адуут Сумьяа овогт Орсоогийн Чимэгмаа